Wednesday, June 1, 2011

Bagadaa



Өнөөдөр 2011 оны 06 сарын 02-ний өдөр: Сайн байна уу? Эрхэм таны энэ уншиж байгаа өдрийн мэнд хүргье. Өөрийнхөө бага насныхаа талаарх багахан хэмжээгээр санаж байгаагаараа өгүүлье.


Жирийн л нэг Монгол хүүгийн амьдралын замнал. 1987 оны туулай жилийн 10 сарын 19-ний өглөөний 6 цагт /Жич: жинлүүрийн орд/ Булган аймгийн төрөх эмнэлэгт нэгэн хүү төрсөн. Тухайн үед дөнгөж төрсөн хүүхдүүдийг эхээс нь тусгаарлаж тусдаа өрөөнд хэсэг байлгадаг байсан юм шиг байгаан. Би сайн санахгүй байгаан аргагүй л дээ. Жаахан байсан юм чинь. Надтай санал нэг байгаа байх аа. Харин миний санаж байгаа нэг зүйл бол багаасаа л хараа муутай байсан даа хөөрхий. Тэгээд тусдаа өрөөнд байхдаа олон хүүхдүүдээс ганцаарахнаа учиргүй уйлсан гэсэн. Эмнэлэгийн ажилчид гайхаад ээж дээр нь аваачаад өгсөн чинь л уйлахаа болиод унтаад өгсөн гэсэн. Тухайн үед хүмүүс энэ хүүхэд яагаад ээж дээрээ байгаа юм бэ? гэж гайхаж байсан гэсэн. Үүнээс харахад багаасаа ээж амьтай байсан юм байна лээ. За тэгээд төрөөд гэнэт Г.Дорждэрэм гэдэг эцэгтэй, С.Насанжаргал гэдэг эхтэй, мөн нэг ахтай болчихдог юм байна.Ганцаараа байснаа гэнэт 4-үүлээ. Их л сонин юм байна лээ. Айлын хоёр дахь хүүхэд болсон. Игнээд манай аавын ах /Жич: би өвөө гэж дууддагын/ Сэмжид өвөө маань надад Түвшинсайхан гэдэг нэр хайрласан даа. Би энэ нэрэндээ их дуртай. Манай хажуу хашаанд Самбуу гэдэг айл байсан. Тэр айлынх намайг гэдсэнд удахгүй төрөх гэж байхад маань манайд жаахан хүүхдээ бараг өдөр болгон харуулаад, орой нь авдаг байсан гэсэн. Манай ах маань тэр үед 1 ой гарантай л байсан байх, их жаахан байсан. Тэгээд удалгүй би гэдэг айлын эрх жаал төрж билээ. Гэнэт Самбуугийн жаахан хүүхэд гэрт нь хоноод унасан юм шиг байгаан. Ах маань надруу заагаад л Самбуу мама, Самбуу мама гээд л байдаг болсон гэсэн. Бодвол Самбуу мамаг гэрт нь аваачиж өг л гээд байгаа болов уу. Өөрийг нь тоохоо больсон юм байгаа биз. Тэр үедээ айлын том агаа болсоноо мэдээгүй л байх л даа. Тэр Самбуугийн хүүхдээс болж байхгүй юу. Тэгээгүй бол би юу боллоо гэж ахынхаа уурыг хүргэх вэ дээ. /Жич: Тэр Самбуутай одоо таарвал хэлье гэж бодож байгаа/. Иймэрхүү маягтай Булган аймагт нэг жил хэртэй амьдарсан. Ингээд манай гэр бүл Эрдэнэт хот руу нүүсэн дээ.

Эрдэнэт хотод өнгөрүүлсэн бага нас

Ингээд одооноос миний амьдралын маань санаж байгаа зарим хэсэг жинхэнээсээ эхлэнэ дээ. Тэгэхдээ нэлээн товчилж хүргэнээ. Анх Эрдэнэтэд ирээд Говилд хотхонд амьдардаг байсан /Жич: одоогийнхоор бол нийтийн байр байдаг байсан/ Манай ээж нэхмэлийн үйлдвэрт ажиллаж аав наймаа хийхээр Орос орныг зорьсон доо. Орос руу хоёр удаа явсан. Оросоос ирээд дөнгөж 2 хонож байхад манай ээж нэхмэлийн үйлдвэрээсээ Эрдэнэтийн Горд, 1-р микр, 5-р байр, 2-р орц 15 тоотод хоёр өрөө бараг бүрэн тавилгатай шахуу байр авсандаа. Ингээд манайх гэдэг айл байрны айл болвоо. /Жич: одоог хүртэл надад энэ байр л байнга дотно санагддаг, хамгийн сайхан дурсамжтай байдаг/. Цэцэрлэг, 3-р анги хүртлээ энд байсан даа. Тэгэхээр 10 жил Эрдэнэтэд амьдарсан байгаан. Багагүй хугацаа шүү. Бага ангидаа болон байрандаа олон сайхан найзуудтай, олон сайхан дурсамжуудтай байсан. Ингээд та бүхэндээ зарим нэгээс нь дурдая даа. Би ойролцоогоор 2 настай л байсан. Нэг хүн хувьдаа Хон Гил Дон үзүүлдэг. Төлбөр нь 2 ширхэг архины шил. За би тэгээд л ахыгаа найзуудтай нь дагаад л бараг өөрөөсөө том 2 шил барьчихаад л явж өгнө шүү дээ. Тэр үедээ их олон удаа үзсэн байх. Даанч санахгүй байгаа нь л жаахан харамсалтай. 10-р бага сургуульд ахтайгаа 2-уулхнаа орос саарал формтой байсан даа. Манай ахын анги яг манай хажуу талын анги. Би шууд хичээлээ тараад л ангируу нь яваад орчихдог байсан. Хичээлтэй байсан ч гэсэн. Хүнээс айж ичихээ мэддэггүй хүүхэд байлаа. Бүүр хоёр настайгаасаа л шил зүүж эхэлсэн. Жаахан хүүхэд юм чинь шил зүүж сураагүй хэсэг зүүгээд л хагалчихдаг их хэцүү байсан. Цэцэрлэг, сургуулийн багш нар зүүж үзье гээд л жаахан хүүхдийн шилийг зүүгээд л сунгаад хаячихна. Үнэхээр хэцүү. Тэгээд л нөгөө шил нь суначихсан болохоор унаад л хагарчихна. Наснаасаа их шил цааш нь харуулсан байхаа. Ум Мани Бадми Хум. Ядаж байхад нөгөө шил нь жирийн шил биш. Тухайн үедээ олдохгүй. Заавал хотод очиж үзүүлнэ, тэгээд л 2 долоо хоногийн дараа Оросоос л болов уу захиалж авчирдаг бөөн ядаргаа. Хичээл ном гээд л хэр барагтай хот орж амжихгүй. Хэд хэдэн шилнийхээ эвдэрхийг сэлбэж байгаад л гэртээ зүүж гарна шүү дээ. Тэр нь хагархай, цуурсан, алцайчихсан, 2 өөр өнгийн хөлтэй, том, жижиг, ядаж байхад нэл тоос, ёстой л есөн шид нь бүрдсэн байсан даа. Манай байр Эрдэнэтийн хамгийн хойд талд байдаг байсан. Яг манай байрны баруун ард жаахан яваад л Баян-Өндөр хайрхан, баруун талд 2 жижиг уул даваад л 5 цулийн рашаан, зүүн талдаа том хадтай уултай, энэ уулийн энгэрт жаахан гол урсана. Зундаа их гоё. Яг манай цонхны хажууд арнитигны мод ургадаг. Тэрнээс боловсорч амжаагүй байхад нь л би идээд дуусчихна. Байрны ард баахан кантинер эгнээтэй. Хүүхдүүдийн л адил кантинер, пситка дээгүүр хөөцөлдөж, харайж бас бөглөө, тэвэг, хуурай, санкитка, хөлбөмбөг тоглож, хүүхэлдэй үзэж /Жич: Одоо ч байнга үздэг, маш их дуртай/ өссөн дөө. Өглөө гараад л орой халтайсан юм орж ирнэ. За за нэг иймэрхүү. Уншиж сонирхсон танд баярлалаа. Аз жаргал хүсье.

No comments:

Post a Comment